2012/04/17

Туурга тусгаар эх орон минь

Блогоо нүүлгэсэн учир хуучин блогт маань байсан цор ганц, гэхдээ 2006/08/31-нд оруулсан бичлэгээ ийш нь хууллаа. Энхбаярыг баригдсан энэ цаг дор эргээд уншсан чинь сонирхолтой л санагдаж байна шүү.

Монголынхоо төлөө үхтлээ санаа зовох юм даа. Бусдад тэгж санагддаг бол уу.

"Төрийн төлөө оготно боож үхнэ" гэж сайхан үг бий. Арга байхгүй л монгол хүний үг шүү. Угаас их уужуу тайван сэтгэлтэй улсууд чинь дор бүрнээ өөрийгөө хичээгээд явж байхад төр түвшин байна хэмээн боддог байсных биз дээ. Уг нь буруу ч логик биш дээ, гэхдээ л... Одоо юу буруу болчихоод байгааг ойлгоход, тэр бурууг засч залруулахад мөхөс миний чадал дутах мэт санагднам. Ямартай ч, ямар нэгэн (эсвэл нэгэн хэсэг) юм буруу байгааг зөнгөөрөө мэдрээд байх тусам ёстой нөгөө оготно болсон миний биед боож үхэх бор шидмэс олдохгүй зовоож байнаа. Бидний үе ч яахав ээ, ингэсгээд нэг юм арай ч Монгол Улсын эцсийг харчихгүй боловуу гэж найдаж байна, гэхдээ л бидний үр садад "Би Монгол хэмээх тусгаар улсын иргээн" гээд бардамхан хэлчих газар шороо, тусгаар тогтнол үлдэх эсэхэд эргэлзэж байна шүү.

Миний бие сургууль төгссөн цагаасаа л эхлэн урдах ажлаа хүн шиг хийгээд, улсдаа өгдөг татвар, даатгалаа хэл амгүй төлөөд л мөрөөрөө яваа нэгэн. Үүгээрээ улс орныхоо хөгжилд өөрийн гэсэн багагүй хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэл дүүрэн байсан сан. Харин миний төлсөн мөнгө үнэхээр улс орны хөгжилд, цаашлаад ард түмний амьдралд нэмэр болж үнэхээр чадаж байгаа болвуу? Би л хувьдаа бардамхан хэлэхэд нэлээн хэдэн арван хүний тэтгэврийг хэл амгүй өгчих хэмжээний татварыг сар бүр улсад өгдөг. Над шиг мөрөөрөө мөнгөө төлөөд яваа олон иргэд, байгууллагуудын татвар, дээр нь гаднын улсуудаас урсан орж ирж байгаа энэ их зээл тусламж нийлээд Монгол улс өдийд хөл дээрээ босоод ирмээр л санагдах юм. Эдийн засгийн гүнзгий мэдлэггүй мөхөс бий олон чимхлүүр юмыг алгасан дэндүү хялбараар сэтгэж байж болох л доо. Угаасаа хуримтлуулаад, цуглуулаад хүрдэгүй байж ч болох.

За, тийм юмаа гээд сэтгэвэл над мэтийнх нь нүдэнд харагдаад байгаа үргүй зардлуудыг яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Ёстой л нөгөө даравч дардайгаад, булавч бултайгаад байгаа юмыг яах вэ. Сүүлдээ ч бүр цайгаад, дарж булах гэж хичээхээ ч байж дээ, энэ хүмүүс.

Одоо олныг нуршихаа зогсоод бичих гэсэн санаа руугаа шулуухан оръё. Уг нь би хэн нэгнийг нүд үзүүрлэн чичих дургүй л юм сан. Амьддаа бие биенийгээ хайрлах гэж хичээх боловч хайр даахгүй байгаа хүнийг бас яалтай ч билээ.

Одоогийн манай орны улс төрийн байдал үнэхээр, бүр дэндүү гэмээр өрөвдөлтэй байна даа. Нам нэртэй бүлэг хүмүүс хэдэн хэсэг талцаад л энгийн түвшинд яривал хоолны хэрүүл шахуу юм хийгээд л сууж байна. Би тэд халбагадаж байхад чи тэд халбагагдчихлаа маягийн... Цаана нь улс орны амин чухал асуудлууд, бүтээн байгуулалт, хар хайрцагны бодлого, дотоод гадаад стратеги гээд аймаар аймаар том асуудлууд байгааг ер нь мэдэх янз алгаа. Ядаж байхад алдарт уяач муяач, аварга бөх зөх нь парламентдаа байдгийг ч хэлэх үү, найр наадам, идэж уух, өмсөж зүүхээс өөр юм бодохдоо маруухан гарууд шиг байгаа юм даа. Юм гэдэг чинь ингээд л удах тусмаа дордоод байдаг билүү, одоогийн энэ парламент, засгийн газар, ерөнхийлөгч бүгд л миний мэдэхийн хамгийн муу. Өмнөхүүдийг нь ч би тэгж бодож байсан, гэтэл одоогийнхийг бодвол хэрүүлээ ядаж нууж хийдэг байж дээ. Энэ маягаараа бол бид одоогийн нөхдүүдийг татаж унагаад байрыг нь сольж тавиад ямар ч нэмэргүй нь тодорхой.

Их Монгол 800 жил гээд л баахан бужигналаа. Тэмдэглэхээс аргагүй ой л доо. Ямар сайндаа л НҮБ-ээс албан ёсоор дэлхий даяар зарлаж өгч байхав дээ. Жуулчдын нүдийг хужирлахын тулд төрийн ордныхоо өнгийг засалгүй л яахав, гэхдээ мэдээж яг ойгоороо биш, урьдаад засчихсан сууж байх ёстой л доо. Харин төрийн дуулал, сүлдийг өөрчилж, энд тэнд баахан алтан, эсвэл модон Нууц Товчоо, морин хуур залах хэрэг байсан л юм байх даа. Тэр тусмаа ерөнхийлөгч хэмээгдэх урт шар хүн маань уул хадгүй хөндлөн гулд хэсч, Алтай Таван Богд хайрханд авирч, улсын хэмжээний наадмыг энд тэнд очиж ная дахин хийх хэрэгцээ байсан юм уу. Хайран мөнгө минь, таны миний махаа зулгаан ажиллаж байж олсон мөнгөнөөсөө өвөө, эмээ нарт өгөөрэй, эсвэл улс орны маань аль нэгэн бүтээн байгуулалтад өгөөрэй гээд төрд өгсөн мөнгийг маань бидний нүдэн дээр ураад цацчихаж байгаатай л адил юм даа. Хамгийн гол нь тэр төрийн ордны нүүр, телевизийн антены гэрэл шиг үлдэх юм байвал нэг хэсгийг нь идсэн ч байсан одоо яая гэхэв гээд сууж байхсан. Харин хэн нэгэн авгай хүүхдээ дагуулаад, баахан амьтны ажил амьдрал алдуулаад Хүйтний Оргилд гарсны дүнд юу болох ёстой юм бол. Жуулчдын нүдэнд харагдах юм уу, ард түмний амьрал сайжрах юм уу. Ерөөсөө манайх хаант улс болж байх шиг байнаа. Тэгээд тэр нь шашин төрийг хослон барих юм шиг байгаа юмаа.

За энэ нэг их хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө энэ тэр ч гэсэн дээ. Ганц таваг хоолны мөнгө болгоод (гэхдээ тэр мөнгөөр хэд хонодог айл бий байх л даа, гэхдээ л тэрүүгээр амьдрал нь сайжрахгүй нь нь тодорхой) хэдэн зуун мянган хүүхдэд тараагаад өгч байснаас хэдэн сайхан цэцэрлэг, сургууль барьчихдаг болоосой. Гэр бүлийн мөнгө бол бүр утга алга, яг одоогийн залуус гэр аваад амьдраач, 3 сар байр хөлслөөд л өнгөрнө.

Жирийн ард түмэн одоо юу хийх ёстой юм болоо. Бүгдээрээ улс төрд орох гээд зүтгэцгээх үү? Эсвэл жагсаал цуглаан зохион байгуулаад ордны цонхнуудыг хага цохих уу (хохирол нь эргээд л бидний халааснаас!!!)? Эсвэл бүр нууц бүлгэм байгуулаад УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь чимээгүйхэн цааш нь харуулах юмуу, тэдний нэр дээр байдаг дэлгүүр хоршоо, байшин барилгуудыг шөнийн цагаар дээрэмдээд байх уу? Эсвэл ерөөсөө буянаараа болог гээд л сууж байх уу?

No comments:

Post a Comment